Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Ивана Гроллова: Монгол Улс илүү баян байж болох л байсан (ярилцлага)

БНЧУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова энэ оны GoGo Cafe булангийн анхны хүндэт зочин боллоо. Тэрээр монгол хэлтэй, монгол судлаач хүн. Гэхдээ энэ удаад бид түүний судалгааны бүтээл, эрдмийн ажлаас илүүтэй элчин сайдын үүрэгт ажлынх нь талаар ярилцлаа.

МОНГОЛ ГЭХЭЭР ЧЕХҮҮД ХАМГИЙН ТҮРҮҮНД ИХ ХӨДӨЛМӨРЧ ГЭЖ ХАРИУЛНА

-Юуны өмнө би танаас Шенгений орнуудад зорчих визийн талаар асуумаар байна. Монголчууд танай ЭСЯ-наас виз авахын тулд олноороо ханддаг хэвээр байна. 
-Би таны сүүлчийн асуултаас ярилцлагаа эхэлмээр байна. Та Парисын халдлагын талаар асуужээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Парист юу болсон бэ гэвэл үнэхээр эмгэнэлтэй үйл явдал боллоо. Олон хүн амиа алдсан нь харамсалтай.
 Энэ нь шашны эсрэг дайн биш гэдэг нь тодорхой.

Яагаад би энэ талаар ярьж байна гэхээр надаас сэтгүүлчид зөвхөн Монголын тухай асуулт асуудаг. Гэтэл бүх зүйл өөр хоорондоо холбоотой учир би таны эхний болон сүүлчийн асуултад хамтад нь хариуллаа.

Эхний асуулт руугаа эргэн орвол, БНЧУ Европын холбоо болон Шенгений гишүүн улс. Эдгээр нь өөр өөр байгууллага. Шенгений гишүүн улс Европын холбооны гишүүн биш байх нь бий. Жишээ нь Их Британи ЕХ-ны гишүүн мөн ч Шенгений орнуудад багтдаггүй.

Шенгений бүс их том. Европын дийлэнх улсыг хамардаг. Эдгээр улсууд дотор иргэд чөлөөтэй зорчих, ажиллах системийг бүрдүүлэх нь Шенгений гол зорилго юм.

Харамсалтай нь, дүрэм журмыг зөрчигсөд энэ системийг буруугаар хэрэглэх тохиолдол олон тул системийг авч явах нь амаргүй. Шенгений аль нэг оронд нэвтрээд нийгмийн даатгалыг буруугаар ашиглах эсвэл бүр алга болчихдог хүмүүс бий. Иймд Шенгений дүрэм зарим талаараа их хатуу, бага зэрэг хүнд сурталтай ч гэж болно. Энэ нь хүндрэл үүсгэх тал бий. Бид хүн бүрийг худлаа хэлж байгаа эсэхийг нь нарийвчлан шалгадаг.  Учир нь өмнөх жилүүдэд олон удаа хууль зөрчсөн үйлдэл илэрснийг дурдсан. Магадгүй бид хэт нээлттэй, уужуу байсан байж болох юм. Энэ шалтгаанаар Шенгений дүрэм журам илүү хатуу болсон.

-Чехэд олон тооны монгол иргэн ажилладаг. Тэднийг танай улсад хэрхэн хүлээн авдаг вэ?
-Чех дэх Монголчууд “аюултай хүмүүс” биш. Монгол гэхээр чех хүмүүс хамгийн түрүүнд их хөдөлмөрч гэж хариулна. Мөн тэд Чехийн хууль дүрмийг өөрчлөх шаардлага тавьдаггүй.  Тэд их соёлтой. Мөн чех хэлийг ч хурдан сурдаг, хүүхдүүд нь сургуульд явдаг. Шашны ямар нэг мөргөлдөөн үүсгэдэггүй болохоор Европчуудтай хамт амьдарч чадна. Энэ талаас нь харвал Чех дэх Монголчууд огтхон ч аюултай биш, их найрсаг хүмүүс.

Чех дэх Монголчууд “аюултай хүмүүс” биш. Монгол гэхээр чех хүмүүс хамгийн түрүүнд их хөдөлмөрч гэж хариулна.

Бид урт, богино хугацаатай, бизнесийн, төрөл садны, олон удаагийн гэх мэт хэд хэдэн төрлийн виз олгодог. Одоо хамгийн их асуудал учруулж байгаа нь ажлын виз. Чехийн зарим компани гаднаас ажилтан авахаар хайдаг. Иймд бид энэ чиглэлээр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн онд 3000-aaс илүү хүнд манай элчин сайдын яам янз бүрийн төрлийн виз олгосон. Тэгэхээр виз хүсэгчдийн тоо үүнээс хэд дахин илүү.

Гэсэн ч Шенгений виз хүссэн хүн бүр яг адилхан шалгуураар орно гэдгээ ойлгох хэрэгтэй. Нью-Йоркт 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагын дараа бид бүгд онгоцны буудал дээр цүнхээ шалгуулдаг болсон. Учир нь бидэнд гашуун туршлага байна. Та ч аюулгүй байдалд зорчихыг хүснэ биз дээ. Тэгэхээр иргэд тэвчээртэй хандан, энэ байдлыг ойлгоосой гэж би их хүсдэг.

Зарим хүн Чех рүү ажиллахаар, амрахаар эсвэл уулзалтад оролцохоор явдаг. Гэтэл бид зөвхөн Чехийн визийг олгодоггүй. Словак, Унгар, Эстони, Польшийн нутаг дэвсгэрт нэвтрэх виз өгч байна. Саяхан Швейцарь улс нэмэгдлээ. “Исламын улс” бүлэглэл эсвэл өөр хэт үзэлтэй бүлгийн хэн нэг гишүүн Шенгенийн бүсэд нэвтрэх бодит аюул бий тул дэлхийн аль ч оронд суугаа, виз олгодог ажилтнууд яг л адилхан дүрмийг баримтлахаас өөр аргагүй байдаг.

Ийм учраас л бид хүн бүрийг нягт шалгах хэрэгтэй болдог. Түүнээс элчин сайдын яам дур мэдэн шалгалт хийж байгаа юм биш. Бид шаардлагатай бүхий л мэдээллийг төв рүү илгээн, хариу хүлээдэг. Энэ шалтгаанаар виз олгох үйл явц удаан ажилладаг. Харамсалтай нь Парисын болон бусад халдлагын дараа виз олгох нөхцөл улам л чангарна. Тэгэхээр иргэд энэ талаас нь бас харах хэрэгтэй.

ЗАРИМ “УХААЛАГ” ХҮН ВИЗ ХҮССЭН ИРГЭДЭД ХУУЛЬ БУСААР ДАРААЛАЛ ХУДАЛДАЖ БАЙСАН

-Тэгэхээр виз авахаар өргөдөл өгсөн иргэдийн материалыг шалгахад цаг их шаарддаг байх нь.
-Тийм ээ. Зарим хүн үүнд их бухимддаг. Тэд Прага хотод ажил олж болно гэж дуулаад л нэг сарын л хүчинтэй урилга авчихсан байдаг. Энэ тохиолдолд элчин сайдын яамнаас цаг авах боломжгүй. Энэ бол бодит байдал. Аливааг урьдчилан тооцоолох хэрэгтэй. Гэхдээ бид системээ илүү хурдан болгохоор ажиллаж байна.

“Зуучлагчийн” үүрэг гүйцэтгэх болсон тэдэнд хоноглох газаргүй хөдөөнийхөн мөнгө төлдөг байсан байгаа юм. Энэ бүхэн олон нийтийн газарт буюу гудамжинд болж байгаа тул манай ЭСЯ юу ч хийж чадахгүй.

Хэдхэн сарын өмнө манай ЭСЯ-ны байрны өмнө эсэргүүцлийн жагсаал болж, иргэд өөрсдөд нь виз олгуулахын тулд биднийг хүчлэх гэж оролдсон. Энэ бол утгагүй хэрэг. Нэгдүгээрт, Чех Улс тэдгээр иргэдийг улсдаа нэвтрүүлэх үүрэг хүлээгээгүй. Хэдийгээр чехийн компаниуд хилийн чанадаас ажилчин авах хүсэлт илгээдэг ч тэдгээр ажилчид хяналтгүйгээр хил нэвтэрнэ гэсэн үг биш. БНЧУ виз хүсэгч бүрийг хэн болохыг мэдэх шаардлагатай болохоор материалыг нь нарийвчлан шалгадаг.

Хэдэн жилийн өмнө виз горилогчид ЭСЯ-ны байрны гадаа урт дараалалд зогсдог байсан юм. Ялангуяа хөдөөний иргэд тэнд олон хонодог байсан. Харамсалтай нь бидний олж мэдсэнээр зарим “ухаалаг” хүн виз хүсэгч иргэдэд хууль бусаар дараалал худалдаж байсан. Тэдгээр иргэд оройн цагаар машины зогсоол дээр маргааш өглөөний дараалалд орох дугаар зардаг байсан юм билээ. Өглөө эрт ирээд мөнгө авсан иргэдээ дараалалд оруулдаг байж. Ингэж “зуучлагчийн” үүрэг гүйцэтгэх болсон тэдэнд хоноглох газаргүй хөдөөнийхөн мөнгө төлдөг байсан байгаа юм. Энэ бүхэн олон нийтийн газарт буюу гудамжинд болж байгаа тул манай ЭСЯ юу ч хийж чадахгүй.

Энэ бол зарим монгол хүн бусдынхаа боломжийг хааж байгаа хэрэг. Үүний дараа бид хүлээлгийн системээ электронжуулсан. Энэ системийг Прага хотод боловсруулсан юм. Ингэснээр хүн бүр цагаа урьдчилан авах боломжтой болж, тэр өдөр, цагтаа л энд ирдэг болсон. Гэсэн ч зарим хүн компьютерийнхээ ард илүү удаан суух боломжтой тул виз хүсэх сул цаг гарахыг хүлээж байгаад захиалгаа өгчихдөг.

Харин зарим нь чаддаггүй. Иймд бас л системд нэвтрэх боломжгүй байна гэж гомдоллодог. Үнэндээ системд техникийн саатал байхгүй. Харин манай ажилчдын тооноос хамааран цөөн цагаар ажилладаг. Бидний боловсруулж чадахаас илүү их визний хүсэлт ирдэг. Тэгэхээр цаг авах иргэд “Сул цаг алга. Та дараа дахин холбогдоно уу” гэсэн бичиг гарч ирсэн ч тэвчээртэй байж, дахин дахин хандаарай.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сонин дээр таны өмнөөс Чехийн ЭСЯ-наас визний цаг авч өгөх зарлал гардаг. Энэ тохиолдолд бид бас л юу ч хийж чадахгүй. Энэ бол бас л дээрхийн адил хууль бусаар мөнгө олох арга. Тэдгээр иргэд ашгийн татвар төлдөггүй, ийм үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Зарим нь зөвхөн орчуулгын товчооны зөвшөөрөлтэй байдаг юм билээ. Улаанбаатарт визний цагийг бусдын өмнөөс урьдчилан авах ажил хийдэг, албан ёсны ямар ч агентлаг байхгүй. Манай ЭСЯ ч ийм үйлчилгээ үзүүлэх эрхийг аль нэг байгууллагад олгон, гэрээ хийгээгүй. Манай систем рүү хэн ч нэвтрэх боломжтойг дахин хэлье. Виз хүссэн иргэд ЭСЯ-д биеэрээ ирээд камерын хяналт дор 60 евроны төлбөр төлөхөд л хангалттай. Нэг хүн хэд хэдэн удаа виз хүсч, цаг авахыг хаах техникийн боломж системд байхгүй.

Уг нь өргөдөл гаргагч хүн өөрөө цагаа аваад, ярилцлагад орохдоо материалуудаа аваад ирэх ёстой. Гэвч хууль бус “зуучлагчдад” мөнгө төлсөөр байгаа иргэдэд өөрсдөд нь л асуудал байна. Ингэснээр байдлыг улам дордуулж, амар хялбар аргаар мөнгө олохыг өөгшүүлж байна шүү дээ.

-Цагдаа нар ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Бид цагдаагийн удирдлагуудад хандсан. Тэд зарим хэргийг шалгаж байгаа юм билээ. Хачирхалтай нь хууль бусаар дараалал, визний цаг олгосон иргэдэд мөнгө төлсөн виз хүсэгчид тэдний нэрийг ч хэлж мэддэггүй. Иймд цагдаа нар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Бид энэ асуудлаар ГХЯ-тай ч байнга хамтран ажилладаг. Тэд хууль бус “зуучлагч”-дыг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Бидний хувьд байраа томсгон, нэг дор илүү олон хүн хүлээж авахаар ажиллаж байна. ЭСЯ-ны байр жижигхэн. Энэ бол манай талын асуудал гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Социализмын жилүүдэд энэ байр бүхэлдээ Чехийн ЭСЯ-ны харьяанд байсан ч одоо бид ажлын хэдэн өрөө хөлсөлж байна. Барилгыг хувийн компанид шилжүүлсэн юм билээ. Иргэдэд үйлчлэх цонхоо хоёр болгон тоог нь нэмснээр илүү олон хүнд хурдан үйлчилгээ үзүүлнэ.

Виз хүссэн иргэд одоо ч “Та нар удаан байна” гэж манай ажилтнуудыг шүүмжилдэг. Тэд нэг зүйлийг ойлгох ёстой. Шенгений бүсийн дийлэнх орнууд Улаанбаатарт ЭСЯ-аа нээгээгүй. Иймд бид тэдгээр улсыг төлөөлөн, Монголчуудын Европт айлчлах ажлыг хялбаршуулж байгаа юм. Бид энэ үйлчилгээг үзүүлснийхээ төлөө ямар нэг дэмжлэг авдаггүй. Нэг өдөрт 24 цаг л байдгийг санах хэрэгтэй. Иргэд Бээжин явах шааардлагагүй болж, эндээс визээ хүсэх боломжтой боллоо. Гэтэл маш их ачаалалтай ажилладаг манай ажилтнуудыг буруутгадаг нь надад харамсалтай санагддаг.

Мөн зарим иргэн бичиг баримтаа дутуу авчирна. Үүгээр зогсохгүй хуучин, хүчингүй болсон, тэр бүү хэл хуурамч баримт авчирдаг. Өргөдлийн маягтаа дутуу бөглөнө. Уг нь шаардлагатай бүх баримтаа авчирсан хүний өргөдлийг шалгахад хэдхэн минут зарцуулдаг.

Харин энд илүү их цаг зарцуулдаг. Өөр улсуудад суудаг чехийн консулуудтай ярилцахад тэд нэг өргөдөл шалгахад ойролцоогтоор 10 минут зарцуулдаг гэж байгаа юм. Учир нь тэнд виз хүсэгчид шаардлагатай бүх материалыг цагт нь авчирдаг. Тийм болохоор тамга дараад л гүйцээ. Харин энд виз авах гэж ирж байгаа атлаа бүх хуудас нь дүүрэн пасспортоо бариад ирдэг. Ийм тохиолдолд буцаахаас аргагүй. Ингээд л бидний буруу мэтээр аашлан, бухимдал үүснэ. Тэгэхээр монголын тал ч хариуцлагатай хандмаар байгаа юм.

-Харамсалтай нь энэ нь бидний гэм биш зан болчихсон.
-Би үүнийг бидний хууль дүрмийг үл хүндэтгэсэн хэрэг гэж үздэг. Гэхдээ тэд Европ явахыг хүсч байгаа шүү дээ. Европын улсуудад өөрийн дүрэм журам бий. Үүнийг “Европ стандарт” гэж нэрлэе.  Энэ нь заримдаа маш их хүнд сурталтай. Гэхдээ л чи тийшээ явахыг хүсдэг. Тэгсэн атлаа “Бид та нараас өөр. Бидний энэ онцлогийг ойлгох ёстой” гэж болохгүй. Харин бид өөдөөс нь “Та бидний дүрэм журмыг дагахыг хүсэхгүй байгаа бол яагаад Европ явах гээд байгаа юм бэ? Бидэнд та хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна уу” гэж хариулж болно шүү дээ. Энэ асуултыг аль нэг гадаад улс руу нэвтрэхээр шаардахаас өмнө хүмүүс өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Бид жуулчид авахыг хүсдэг. Мөн манай компаниуд гаднаас ажиллах хүчин авна гэдэг нь үнэн. Хэрэв чи аль нэг гадаад улсад очиж амьдрах гэж байгаа бол эхлээд тэр газрынхаа дүрмийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм биш гэж үү? Гэтэл эхнээсээ л “Энэ бол бидний нийтлэг дүр төрх. Та нар хүлээцтэй хандан, намайг байгаагаар нь хүлээж ав” гэвэл зарим Европ хүн тэднийг ёс журамгүй гэж үзэн, эрх баригчдаасаа “Бид яагаад гадаад иргэдийг хүлээн авах ёстой юм” гэж асуух биз.

ЯАГААД ТАНАЙ ХҮҮХДҮҮД ОДООГ ХҮРТЭЛ ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГҮЙ БАЙНА ВЭ?


-Энэ онд Европын олон оронд дүрвэгчид ихээхэн хүндрэл үүсгэлээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Би ярилцлагаа Парисын халдлагаас эхэлсэн.

Мэдээж энэ илүү ярвигтай хэрэг. Энэ халдлагыг Европт олон жил амьдарсан, бараг л Европ хүнд тооцогдох этгээдүүд үйлдсэн.

Исламын хэт үзэлтэй тэдгээр хүмүүсийн олонх нь нийгэмдээ дасан зохицож чадаагүй болов уу. Тэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадаагүй, дүрвэж ирсэн улсынхаа дүрэм журмыг хүлээн зөвшөөрөх хүсэл нь бага байсан байх.

Гэтэл тэдний эцэг эх хүүхдэдээ илүү сайхан ирээдүй хүсч, дүрвэцгээсэн. Гэтэл яагаад хүүхдүүд нь амжилт үзүүлэлгүй, харин ч бүтэлгүйтэж байгаа нарийн шалтгааныг би мэдэхгүй юм. Ийм залуус эх орон руугаа буцахыг хүсдэггүй атлаа эргэн тойрныхоо бүх зүйлийг үзэн яддаг. Бид олон мянган, хууль бус дүрвэгчтэй нүүр тулж байна. Визгүй, бичиг баримтгүй учраас хууль бус гэж тодорхойлдог.

Ээж аавууд хүүхдүүдээ тэсрэх бөмбөг, гал түймрээс хамгаалахын тулд ямар хүнд шийдвэр гаргаж байгааг бид ядахнээ төсөөлөх гээд оролдох хэрэгтэй.  Тийм ээ, бүх зүйл хоорондоо уялдаатай.

Олон зуун Европ хүн “Бид яагаад дүрвэгсдэд туслах үүрэг хүлээж байна вэ” гэж асууж байна. Үүнд зарим нь эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд гэж хариулдаг. Харин нөгөө хэсэг нь Европын орнууд ч үүсээд буй асуудлын нэг хэсэг, Баруун буюу АНУ болон түүний холбоотнуууд дайныг өдөөсөн гэдэг.

Ээж аавууд хүүхдүүдээ тэсрэх бөмбөг, гал түймрээс хамгаалахын тулд ямар хүнд шийдвэр гаргаж байгааг бид ядахнээ төсөөлөх гээд оролдох хэрэгтэй.  Тийм ээ, бүх зүйл хоорондоо уялдаатай. Тэгэхээр улстөрчид өөрсдийн иргэдэдээ тусалж, хүнлэг энэрэнгүй болон хүмүүнлэгийн хоорондох зөв тэнцвэрийг хадгалах ёстой болж байна. Мөн өөрсдийн хүүхдийн аюулгүй байдлыг хууль ёсны дагуу хангах ёстой.

Бурханы авралаар Монголд дайн дажин алга. Гэхдээ нөхцөл байдал хүнд байна. Ардчилсан улс болох шилжилтийн жилүүдэд Азийн орнуудад томоохон хямрал болж, 10-аад жилийн турш эдийн засгийн маш бага өсөлт ажиглагдлаа. Харин 2000 оноос хойш Монголд маш олон донор улсууд, олон улсын байгууллагууд хөгжлийн туслалцаа, хандив үзүүлсэн. Олон төсөл хэрэгжүүлсэн.

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан нэгэн нийтлэлдээ хөдөөгийн хүүхдүүд одоо ч гадаа бие зассаар, сургууль нь цэвэр усанд холбогдоогүй байгааг шүүмжлэн бичсэн. Гэтэл ардчилсан тогтолцоо руу энхийн замаар шилжин орсон Монголд олон тэрбум ам.долларын туслалцааг сүүлийн 25 жилд үзүүлсэн шүү дээ.

Гэтэл яагаад танай хүүхдүүд одоог хүртэл орчин үеийн ариун цэврийн өрөөгүй байна вэ? Яагаад олон хүн маш хүнд нөхцөлд амьдарч байна вэ? Энэ асуултыг та нар асуух ёстой. Үүнийг чөлөөтэй асуух эрхтэй байгаа нь гайхамшигтай. Гэсэн ч олон монгол иргэн Чехэд, хүнд нөхцөлд ажил хийхийг хүсч байна. Тэд маш бага цалин авдаг.

Их дээд сургууль төгсөгчид хилийн чанадад хар ажил хийж байна. Тэд гаднаас сайн туршлага судлах давуу талтай ч Чехүүд хийхийг хүсдэггүй, тийм бага цалинтай ажлыг хийдэг. Ийм учраас л манай компаниуд гаднаас ажиллах хүч авдаг. Монголд амьдрал хэцүү болоод л хүмүүс энэ замыг сонгож байна.

Энэ бүхнийг иргэд эрх баригчдаас, улстөрчдөөс асуух хэрэгтэй. Би үзэл бодлоо нээлттэй илэрхийлж  байна. Учир нь Монгол Улс амьдрахад таатай улс болоход нь бид туслах хүсэлтэй байдаг. Эндхийн амьдралаас зугтаж байгаа иргэдэд туслах нь тусламж биш. Та нар АНУ, ЕХ, Японд визний нөхцөлөө хөнгөлөөч гэсэн хүсэлт их тавьдаг. Ингэснээр эндхийн асуудлыг шийдэхгүй шүү дээ.

ҮНЭН ХЭРЭГТЭЭЭ БИД МОНГОЛД ЯМАР Ч ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГГҮЙ, ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛДЭГГҮЙ   


-Өнгөрсөн хугацаанд БНЧУ-аас нийт ямар хэмжээний тусламж, хандив үзүүлсэн байдаг вэ?

-Бид зүгээр л танай улсад туслан, хөгжлийг тэтгэхийг хүссэн. Энэ бол халамж биш юм шүү. Монгол, Чех улсууд бие биеэ аль социализмын үеэс сайн мэднэ. Чех хүмүүс монгол найзууд, хамтран ажиллагчид болон танай сайхан оронд хайртай байдаг. Үнэн хэрэгтэээ бид монголд ямар ч лиценз эзэмшдэггүй, хөнгөлөлт эдэлдэггүй. Социализмын үед бидэнд Москвагаас юу хийхийг зааварчилдаг байлаа. Энэ үед ч бид хувь эзэмшигчид байгаагүй. Тэр үед чехийн сургуулиудад олон монгол оюутан суралцсан. Одоо тэд томоохон улстөрч, шинжээч, бизнес эрхлэгч, инженер, уран бүтээлч болжээ.

Бидний хамтран хэрэгжүүлсэн хөгжлийн төслүүд хэзээ ч ирээдүйд уул уурхайн лиценз эзэмших, худалдааны хөнгөлөлт эдлэх түлхүүр байгаагүй.

Өнгөрсөн хугацаанд хоёр улс ойр дотно харилцааг хөгжүүлж чадлаа. 1989 онд Чех улсад ч мөн адил тайван хувьсгал эхэлж, та бүхэнтэй адил шилжилтийг туулсан. Иймд хилийн чанад руу хөрөнгө оруулах боломжгүй, дотоод асуудалтай байсан.

Бидний хамтран хэрэгжүүлсэн хөгжлийн төслүүд хэзээ ч ирээдүйд уул уурхайн лиценз эзэмших, худалдааны хөнгөлөлт эдлэх түлхүүр байгаагүй. Чех хуучны социалист орнуудаас Монголд тусламжийн гараа сунгасан анхны улс болсон юм.

1996 оноос ОДА буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн тусламжийн төслийг ЕАБХАБ удирдаж байсан юм. Энэ төслийн дагуу өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй орнуудад хандив олгодог. Дөнгөж ардчилсан улс болсон Чех таван улс сонгосны нэг нь Монгол байв. Тухайн үед бид ДНБ-ийхээ маш бага хувьтай тэнцэх хөрөнгийг тусламжид зарцуулдаг байсан. Энэ үед Монголд хэд хэдэн загвар төсөл хэрэгжүүлсэн юм. Тэдгээр төслүүдийн дийлэнх нь бодит эрэлт хэрэгцээнд яг таг нийцсэнд би баяртай байдаг. Гэхдээ бид тэдгээр төслийг цааш нь үргэлжлүүлэх, тогтвортой байдлыг хангах тал даар сул ажилласан байдаг. Нэг удаа санхүүжүүлээд л орхисон гэсэн үг.

Гэхдээ бүх төслийн гол философи нь монголчуудад шинэ арга зүй заах, шинэ технологи эзэмшүүлэх байсан. Жишээ нь орон нутагт илүү тохиромжтой гэж үзэн, жижиг эмнэлгийн загварыг анх байгуулж байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ төслийг үргэлжлүүлэн, одоо орон даяар төсөрхөн өрхийн эмнэлэгтэй болжээ.

1996 оноос өнөөг хүртэл БНЧУ нийтдээ 50 сая ам.долларын, хөгжлийн төслүүд хэрэгжүүлжээ. Энд мөнгөн дүн нь гол биш. Үр дүн л чухал. Бид хэдийгээр жижиг төслүүд хэрэгжүүлсэн ч тэдгээр нь цаашид илүү их үр дүн дагуулна гэж итгэдэг. Хөдөө аж ахуй, анагаах ухаан, мал эмнэлэг, гидрогеологийн салбарт төсөл хэрэгжүүлжээ. Үр дүнг мөнгөөр хэмжих боломжгүй юм. Мөн энэ нь хөрөнгө оруулалт биш бөгөөд манай компаниуд үүнээс ямар ч ашиг хүртээгүй.

Гэхдээ 2000 оноос хойш Монголд маш том донорууд хөрөнгө оруулсан. Тэд хөнгөлөлттэй зээл олгон, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. АНУ-ын Мянганы сорилтын санг нэрлэж болно. Харамсалтай нь эдгээр төслийн хөрөнгөөр худалдаж авсан, том, тансаг автомашинуудыг бид харж байна. Уг нь төслийн гол зорилго энэ байгаагүй.  Миний бодлоор эхлээд илүү олон сургууль, эмнэлэг барих ёстой байсан.

БИ БУХИМДАЖ БАЙЖ БОЛОХ ЮМ. ГЭХДЭЭ Л ЯАГААД ГАДНЫХАН ТУСЛАХ ЁСТОЙ ЮМ БЭ?


-Танай ЭСЯ-наас одоо ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?

-ЭСЯ Чех Улсыг төлөөлөн жил бүр хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжих болон хүний эрхийн чиглэлийн төслүүд бий. Мөн орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, жижиг төсөл бий. Өмнө нь бид олон ТББ, сургуулиудтай хамтран ажилласан. Тусгай боловсолын 116 дугаар сургууль, Хараагүй иргэдийн холбоо, “Итгэл” асрамжийн газар, хүүхдийн эко клуб гэх мэт.

Улаанбаатарын булан тохой бүрийг бизнес эрхлэгчдэд зарчихсан мэт. Бид тэдэнд мөнгө олоход нь л тусалж байгаа болохоос хотын хөгжил маш бага хэвээр. Иргэдийн өдөр тутмын амьдралд нийслэл тийм ч ээлтэй биш.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт шаардлагатай, тусгай зориулалтын тавилга худалдан авахад тусаллаа. Мөн Улаанбаатар дахь нэгэн тусгай сургуулийн хүүхдүүд үдээс өмнө л сургууль дээрээ хичээллэдэг, үдээс хойш ээж аав нь ирж хүүхдээ авдаг. Иймд тэдгээр эцэг эхчүүд бүтэн цагаар ажиллах боломжгүй байсан юм билээ. Бид хичээлээс гадуурх танхим тохижуулснаар ээж аав нь хүүхдүүдээ орой ирж авдаг болсон. Энэ асуудлыг нь шийдвэрлэж чадсандаа баяртай байна.

Би бухимдаж байж болох юм. Гэхдээ л яагаад гадныхан туслах ёстой юм бэ? Тусгай зориулалтын нэгэн сургуулийн хажууханд нь томоо биллиардын газар, караоке байх жишээтэй. Өнөөгийн Монголд яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, боловролоос зугаа цэнгэлийг илүүд үзэж байна вэ? Зарим гудамжинд явган хүний зам, хүүхэд тоглох газар байхгүйг хэн ч тоодоггүй.

Иргэд энэ мэт асуудлаа сөхөн, шаардлага тавихгүй байна. Улаанбаатарын булан тохой бүрийг бизнес эрхлэгчдэд зарчихсан мэт. Бид тэдэнд мөнгө олоход нь л тусалж байгаагаас хотын хөгжил маш бага хэвээр. Иргэдийн өдөр тутмын амьдралд өнөөгийн нийслэл тийм ч ээлтэй биш байна уу даа гэж боддог.

Парламент болон Засгийн газрын гишүүдийн хэд нь гэр бүлээрээ нийслэлдээ амьдарч байгааг харах нь надад үргэлж сонирхолтой байдаг. Үүгээр тухайн улстөрчийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг тодорхойлж болно. Мөн тэд өөрсдийн боловсруулсан бодлогодоо хэр зэрэг итгэдгийг, бахархаж байгаа эсэхийг ч давхар харуулдаг.

Төслүүд рүү эргэн орвол бид Сэлэнгэ аймагт ойн төсөл хэрэгжүүлж байна. Тэнд манай шинжээчид та бүхэнд зориулан мод тарьдаггүй. Харин яаж мод тарих, арчлахыг зааж байна. Мөн ойн бүсийн эдийн засгийн асуудлыг хэрхэн зохион байгуулах туршлагаасаа хуваалцах юм.

Сибириэс мод импортлох нь амар байж болох юм. Гэхдээ цаг уурын өөрчлөлт, уул уурхайн нөлөөний улмаас цаашдаа Монголд ой модоо тогтвортой нэмэгдүүлэх нь илүү чухал. Энэ төсөл зэрлэг амьтдад ч ээлтэй.

Дөчин жилийн өмнө Их тэнгэрийн ам битүү ой байсан гэдэг. Одоо тийм биш. Гэтэл шалтгаан нь цөлжилт, бохирдолт, аж үйлдвэржилт ч биш. Ойн зөв арчилгааны мэдлэг, чадвар дутагдсанаас юм. Ойг нөхөн сэргээж, тогтвортой ургуулах мэдлэг, туршлага хэрэгтэй. Уламжлалт нүүдлийн аж ахуйд энэ талын туршлага бага байв.

Мөрөн хотод хэрэгжүүлж байгаа өөр нэг төсөл нь ус ашиглалтаа төлөвлөх, усыг хамгаалах, түгээх, цэвэрлэх зорилготой. Мөн аюултай матеариалууд, үйлдвэрийн хаягдлаар бохирдсон газруудыг дахин ариутгах нэг төсөл бий. Эдгээр нь шууд хэлэхэд хордсон газрууд.

БОАЖНХЯ-ны хүсэлтээр манай мэргэжилтнүүд тэдгээрийг газрын зураг дээр тэмдэглэсэн. Заримыг нь цэвэрлэнэ. Энэ үеэр мөн л танай мэргэжилтнүүдэд аюултай хаягдлыг бүрэн устгах хүртэл хэрхэн зөв, аюулгүй хадгалахыг заана. Үндсээр нь устгах нь хамгийн зөв арга. Аюултай хаягдлыг та бүхэн хилийн чанад дахь зориулалтын үйлдвэрт устгуулах болов уу. Учир нь энэ төрлийн үйлдвэрийг цоо шинээр барих нь өндөр өртөгтэй. Мөн Монгол Улс аюултай хаягдлаа бусдын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэх эрхгүй.

Учир нь аюултай хаягдлын баглаа боодол, хадгалалт олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Гэхдээ газар дээр нь ажиллаж буй чех мэргэжилтнүүдийн тусламжтайгаар энэ байдал өөрчлөгдөнө. Үүний тулд зарим хуульд өөрчлөлт оруулан, олон улсын хэлцэл хийж байгаа юм билээ.

Энэ мэт хөгжлийн, томоохон төслүүд бий. 2017 оны сүүлээр дуусна. 2018 оноос эхлэн өөр төрлийн төслүүд хэрэгжүүлж болзошгүй. Чехийн Засгийн газраас ирээдүйд хэрэгжүүлэх, хөгжлийн төслийн стратегийг эцэслэн шийдвэрлэдэг. Чехийн компаниудтай хамтран ажилладаг монгол компанийн ажилтнуудыг сургалтад хамруулах, тэтгэлэг олгох гэх мэт шинэ төслүүд эхлүүлж магадгүй байна. Одоо бол жилд 2-3 монгол оюутан бүрэн тэтгэлэгтэйгээр Чехэд сурдаг.

ЗАРИМ ХҮН АСУУДЛЫН МӨН ЧАНАРЫГ ӨӨРӨӨ Ч САЙН ОЙЛГООГҮЙ АТЛАА ТӨЛБӨР АВЧ, ЖАГСААЛД ОРОЛЦДОГ

-Өнгөрсөн зургаадугаар сард Монголын төрийн өмчит компани Чехийн хувийн компанитай хамтран МонЧехУраниум компанийг байгууллаа. Ингэхэд Чехэд хэдэн атомын цахилгаан станц байдаг вэ. Тэдгээр нь нийт эрчим хүчний хэдэн хувийг хангадаг юм бэ? 
-Чехийн эрчим хүчний эх үүсвэрүүд харьцангуй тэнцвэртэй. Бид одоо ч нүүрснээс их хэмжээний эрчим хүч гарган авсаар байна. Мөн сэргээгдэх болон атомын эрчим хүчийг ашигладаг. Усан цахилгаан станцууд ч бий.

Бид газар нутагтаа өөрсдөө уран олборлодог. Ингэхдээ аюулгүй байдлыг хэрхэн хангах, бохирлын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэхийг бид сайн мэднэ.

Тиймээ, цөмийн энергийн чиглэлийн туршлагатай мэргэжилтнүүд манай улсад олон бий. Бид газар нутагтаа өөрсдөө уран олборлодог. Ингэхдээ аюулгүй байдлыг хэрхэн хангах, бохирдлын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэхийг бид сайн мэднэ. Чехэд ДИАМО гэж төрийн өмчит компани бий. Тэдний мэргэжилтнүүд хаалтаа хийсэн уурхайн хаягдлыг боловсруулан, үйлдвэрлэлд дахин хэрэглэх, нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн. Мөн тэд ураныг энхийн зориулалтаар хэрхэн ашиглахыг ч маш сайн мэднэ.

Танай төрийн өмчит Мон-Атом компанитай хамтарсан компани байгуулсан Ураниум Индастри бол чехийн хувийн компани юм. Тэд  Диамо компаний зарим  мэргэжилтнүүдийг гэрээгээр ажиллуулахаар төлөвлөж байгаа гэж би ойлгож байгаа.

-Чехэд атомын цахилгаан станцыг анх яаж хүлээж авсан бэ. Ямар нэг эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон уу? Манайд зарим нь уран олборлолтыг дэмждэг бол зарим ТББ-ууд хүчтэй эсэргүүцдэг. Өнгөрсөн онд Францын ЭСЯ-ны өмнө Ареваг эсэргүүцсэн жагсаал ч болсон.
-Би танай ҮАБЗ-тай холбоотой ажилладаг. Уран олборлох, атомын цахилгаан станц зэрэг асуудлыг маш нухацтай авч үзэх ёстой. Манай мэргэжилтнүүд энэ тал дээр танай улсад тусалж чадах тул баяртай байдаг. Жагсаал зохион байгуулах нь үзэл бодлоо илэрхийлэх хууль ёсны эрх. Нөгөөтэйгүүр зарим хүн асуудлын мөн чанарыг өөрөө ч сайн ойлгооогүй атлаа бусдаас төлбөр авч, жагсаалд оролцдог тал бий.

Чехэд ч мөн атомын цахилгаан станцыг хүчтэй эсэргүүцэн, жагсаал болсон. Гэтэл тэр бүхнийг манай хөрш Австри Улсын ногоон ТББ-ууд улс зохион байгуулсан байгаа юм. Тэгэхээр жагсаал цуглаан бүрийг жинхэнэ гэж үзэх аргагүй. Жагсаал зохион байгуулагчид баримт бага, иргэдийн мэдлэг, мэдээлэл таарууг ашигладаг. Гэхдээ уран маш аюултайг аль ч Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой.

Монгол Улс маш их урантай. Говийн бүс радиоидэвх ихтэй. Иргэд ураны талаар илүү олон зүйлийг олж мэдэх шаардлагатай. Ялангуяа уран олборлон, үйлдвэрлэлд ашиглах бол аюулгүйн дүрмийг ягштал баримтлах ёстой. Би цөмийн энергийн нэг хуралд оролцсон юм. Тэгэхэд Скандинавын эрдэмтэд далайн эргийн тосгонд оршин суудаг иргэдээ ятгах гэж 20 жилийг зарцуулснаа ярьсан. Тэдгээр иргэдэд радиоидэвхт хаягдал эргээс хол оршдог, аюулгүй гэж ойлгуулах гэсэн юм билээ. Тухайн үед Засгийн газар нь хадгалалтын талаар нуугаад өнгөрч болох байсан. Гэхдээ тэгээгүй. Харин ч илүү хариуцлагатай хандан, үнэнч байж, иргэдэдээ ойлгуулахыг гол болгосон.

Энд Монголд мөн л ураны талаар мэдээлэл бага байдгаас жагсаалууд болсныг бид харлаа. Зарим хүн ураны хайгуулын улмаас мал нь үхлээ гэдэг. Миний мэдэж байгаагаар ураны ямар ч уурхай үйл ажиллагаа явуулаагүй байна. Хэд хэдэн өрөмдлөг л хийсэн. Миний бодлоор Францын Арева компанийн эсрэг хийсэн эсэргүүцлийн тайван жагсаал үнэхээр шаардлагатай байсан уу гэвэл үгүй. Гэхдээ энэ миний л бодол. Уранд маш болгоомжтой хандах ёстой гэвэл тийм. Нөгөө талаар энэ бол хий сандарч тэвдэх сэдэв биш.

Үүсч болзошгүй эрсдэлийн талаар иргэд мэдэж байх ёстой. Мөн энэ талаар Засгийн газраас гаргах шийдвэрүүдийг тухайн бүрт нь мэдэж, шийдвэр гаргах үйл явцад бүтээлчээр оролцох нь зөв. Үүнд сэтгүүлчдийн хариуцлага маш чухал. Ураны талаар маш их мэдээлэл олж авах боломжтой. Тэдгээрийн дийлэнх нь Англи эсвэл гадаад хэл дээр байдаг. Монголоор хайвал цөөн мэдээлэл бий.

Сэтгүүлчид иргэдэд ураны мөн чанар, энхийн замаар ашиглах арга замууд, жишээ нь анагаах ухааны салбарт яаж ашигладаг, цацраг туяаны тэнцвэртэй түвшин аюулгүй байдаг талаар тайлбарлах үүрэгтэй. Дэлхий даяарх сайн болон муу жишээг харьцуулан үзүүлж, аюулгүй байдлын ямар арга авдгийг ч харуулах нь зөв. Үүний тулд эхлээд сэтгүүлчид өөрсдөө боловсрох шаардлагатай. Дараа нь дүгнэлт өгч болно.

Цуурхал биш бодит баримтыг л сэтгүүлчид гаргаж тавих үүрэгтэй шүү дээ. Ингэснээр уран гэх энэ ярвигтай сэдвээр аль нэг талыг баримтлалгүй, системтэйгээр, тэнцвэртэйгээр олон нийтэд боловсрол олгож чадна. Ураны уурхай нээгдлээ гээд тэнд мэдээж юуны өмнө байгаль орчны үнэлгээ хийнэ. Засгийн газар ч үүнийг тухайн ААН-ээс шаардах эрхтэй. Уурхайг нээхээс өмнөх нөхцөл байдлыг маш сайн судалж, мэдсэнээр олборлолтын үед болон ураны тээвэрлэлтийн дараахыг өмнөхтэй нь харьцуулна шүү дээ.

Атомын цахилгаан станц барих болон ашиглах нь үүнээс ч илүү нарийн, төвөгтэй, мэргэшсэн ажилтан, маш өндөр сонор сэрэмж шаарддаг. Манай улсын хувьд иргэдэдээ хангалттай мэдээлэл өгдөг болохоор цөмийн эрчим хүчийг хүрээлэн буй орчинд ээлтэй гэж үздэг.

Энд нэг зүйлийг онцлоход манай мэргэжилтнүүд аж үйлдвэрийн, хэд хэдэн орхигдсон бүсийг Монголоос илрүүлснийг би ярьсан шүү дээ. Тэдгээр нь химийн хаягдлаас бохирдон, хордсон юм билээ. Энэ бүхэн өнөөх ураны цооногоос ч илүү аюултай. Яагаад гэвэл тэндээс урсаж буй ус хотууд руу цутгадаг. Ийм ус уугаад хордсон малын дотор эрхтнийг харуулсан гэрэл зургууд ч цацагдсан шүү дээ. Гэвч мөн энэ асуудлыг хэн ч сөхөхгүй, хэнээс ч хариуцлага нэхэхгүй байна.

-Та бидэнд “Ураниум индастри” компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хэн удирддаг, хаанаас хөрөнгө оруулалттай вэ?  
-Энэ компанийг эзэмшигчдийн нэг нь геологич мэргэжилтэй, Чех хүн. Энэ компанийн талаар интернэтээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Би МОН-АТОМ болон “Ураниум индастри” хоорондын гэрээний талаар сайн мэдэхгүй байна. Дээр дурдсанчлан “Ураниум индастри” хувийн компани учраас ЭСЯ-ыг мэдээллээр хангах үүрэггүй. Мөн Чехийн Засгийн газар энэ гэрээнд оролцоогүй. Энэ гэрээг хийснээр Европын стандарт, нормд нийцсэн төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ЧЕХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭХГҮЙ БАЙНА

-Та 2012 оноос хойш манай улсад ажиллаж байна. Манай улсад Засгийн газрын гишүүд үе үе  солигддог. Үүнийг дагаад олон зүйл өөрчлөгддөг. Энэ нь таны ажилд нөлөөлдөг үү?
-Монголын улстөрчдийн дийлэнхийг би олон жилийн өмнөөс танина. Үнэхээр ч Монголд албан тушаалыг нь их өөрчилдөг би зарим улстөрчийн өмнө нь ямар албан тушаал хашиж байсныг санах гэж хичээдэг. Үнэндээ энэ байдал Монгол Улсын талаар сөрөг дүр төрх бий болгож байна. Гэхдээ өөрчлөлт нь гол биш. Швейцарь, Японд ч Засгийн  газар нь ойрхон солигддог.

Монголд Засгийн газрын гишүүн огцорвол тэр сайдын өмнө нь өгсөн бүх амлалт мартагддаг.  Энэ л хүндрэл үүсгэдэг. Хэрэв систем тэр чигээрээ ажиллаад л байвал оргилд байгаа хүмүүс халагдаж солигдож байгаа нь иргэдэд нөлөөлөхгүй. Шинэ сайдыг дагаад албан хаагчид хүртэл шинэчлэгддэг нь буруу. Үүнээс үүдэн тухайн байгууллага санах ойгүй болчихдог. Тэдгээр шинэ албан хаагчид нь сайдын хамаатнууд, найз нар болохооос мэргэжлийнхэн биш.

Хэрэв бүх дүрэм журам нь тодорхой байдаг орчин бүрдвэл бизнес явдгаараа явж, та заавал дэд сайд нарыг таньдаг байх хэрэггүй. Гадны компаниуд ирээд эндхийн бизнесмэнүүдтэй уулзаад, холбогдох хуулийг судална. Ингээд хоёр талд ашигтай байдлаар бизнесээ хийнэ. Яг үнэндээ зах зээлийн эдийн засагтай улсуудад ААН-үүд төрийн байгууллагаас хамааралгүй. Харин энд хүмүүс юуны өмнө Засгийн газраас хэн нэгнийг таньдаг байх ёстой л гэж боддог. Энэ бол эхний асуудал.

Хоёр дахь нь дүрмээ маш их өөрчилдөг.  Иймд ирэх хагас жилд юу болохыг мэдэхгүй байна. Хоёр улсын компаниуд хамтран ажиллах бол шаардлагатай зөвшөөрлийг нь авч, тамга даруулаад л болоо. Гэтэл энд яамыг хүртэл өөрчилдөг болохоор дараагийн яам нь өмнөх асуудлыг бид шийдэхгүй гэдэг. Үүгээр зогсохгүй өмнөх яамны олгосон зөвшөөрөл ч хүчингүй болчихдог.  Ерөнхий сайдыг хэдэн удаа ч сольж болно. Харин систем ажилладгаараа л ажиллах учиртай. Монгол Улс гадаадаас шууд хөрөнгө оруулалт татах ёстой гэвэл Засгийн газар, парламент тогтвортой, үр бүтээлтэй ажиллах ёстой гэдэг шаардлагаа иргэд тавих нь зөв.

Урт нэртэй хуулийн золиос болсон гэсэн үг л дээ.  Миний бодлоор энэ их сайн, чухал хууль болсон. Харамсалтай нь оройтож баталсан.

-Ингэхэд чехийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна уу?
-Бид чех компаниудыг энд авчрахаар ажилладаг. Гэтэл тэд Монголд итгэхгүй байна. Хөрөнгө оруулаад, мөнгө нь салхинд хийссэн компаниуд бий. Урт нэртэй хуулийн золиос болсон гэсэн үг л дээ.  Миний бодлоор энэ их сайн, чухал хууль болсон. Харамсалтай нь оройтож баталсан. Уг нь уул уурхайн лиценз олгож эхлэхээсээ бүүр өмнө л байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь бодолцох ёстой байв. Усны эх үүсвэр маш үнэ цэнэтэй гэдгийг хожуу ухаарлаа. Гэсэн ч урт нэртэй хуулиас үүдэлтэй  асуудлыг шийдвэрлэж болно.

Зарим хөрөнгө оруулагч лицензээ хураалган, энэ хуулийн уршгаар мөнгөө алдсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ би тэдгээр хөрөнгө оруулагч голын дэргэд уул уурхайн лиценз дахин эзэмших нь зөв гэж хэлээгүй юм шүү. Алдагдал хүлээсэн хөрөнгө оруулагчдад нөхөн олговрыг ямар нэг байдлаар заавал олгох ёстой. Тэднээс мөнгийг нь авчихаж болохгүй шүү дээ.  Эс бөгөөс тэд дахин Монголд хөрөнгө оруулахгүй. Хөрөнгө оруулагчийн итгэл маш чухал. Одоо ч надаас Чехийн компаниуд ямар хэмжээний хөрөнгө оруулсан бэ гэж асуудаг. Харин би өөдөөс нь юунд хөрөнгө оруулах юм бэ гэдэг.

Хөрөнгө оруулалт хоёр талын аль алинд нь ашигтай байх ёстой. Хэрэв энд мөнгөө алдаж байгаа бол тэд дахин ирэхийг хүсэхгүй шүү дээ. Уг нь Монгол Улс илүү баян байж болох байсан. Хэрэв эрх баригчид эрсдэлтэй мөн сүүлчийн мөчид, гэнэтийн шийдвэр гаргадаггүй бол шүү дээ. Бид үүнийг „халуун зүүгээр нэхэх“ гэж нэрлэдэг. Та надаас визний нөхцөлийн талаар асуусан. Зөвхөн виз хүсэгч иргэд ч бидэнд цагаа тулган ханддаггүй. Маш олон зүйлийг эцсийн мөчид, яаран сандран шийдвэрлэдэг нь асуудал үүсгэж байна.

Ямар нэг шинэ санаа гаргахад тэр нь олон нийтэд таалагддаг. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ л харайх гэж байгаа бол эхлээд хоёр удаа харайх зайгаа хэмжих ёстой. Тодруулбал, хөрөнгө оруулагчид долоо хэмжиж, нэг огтолдог. Бизнес бол хайр, энэрэл ивээл биш, сэтгэл хөдлөл бүр ч биш. Бизнес хийх бол илүү прагматик, бодитоор хандах ёстой.

-Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг удирдана. БНЧУ энэ сонгуульд манай улсыг дэмжсэн болов уу?  
-Би НҮБ-ын төвд Нью-Йорк хотод ажиллаж байсан болохоор сонгууль яаж болдгийг сайн мэднэ. Нэг улс нөгөөтэйгээ хэлцэл хийдэг.  Энэ удаад биднийг дэмжвэл дараагийн удаад бид танайхыг дэмжинэ гэдэг хэлцэл. Харин Монгол Улс нэр дэвшихэд БНЧУ чин сэтгэлээсээ дэмжсэн. Тэгэхээр та бүхэн биднийг дараагийн сонгуульд болон эндэх ажилд маань дэмжлэг үзүүлнэ гэж бид найдаж байна. (инээв)

Шууд хэлэхэд НҮБ-д зарим нэг “муу залуус” бий. Тэд яагаад тэнд байна гэхээр өөр хэн нэгний гаргасан санал, санаачлагыг зогсоохын тулд юм шүү дээ. НҮБ бүх дэлхийг төлөөлдөг. “Муу залуус” гэж би тоглоом шоглоомоор хэлж байна. Товчхондоо улс орон болгон л шинэ санал гарган, түүнийгээ хэрэгжүүлэхийг хүсдэг. Харин бусад улсад өөрийнх нь санал илүү сайн гэж бодогдоно. Ингээд л өрсөлдөөн үүснэ шүү дээ.

Энэ талаас нь харвал Монгол Улс хүний эрхийн зөвлөлийг даргалах болсон нь онцгой тохиолдол. Учир нь Монгол Улс хүний эрхийн чиглэлээрх бидний мөрддөг Европ стандартад нааштай ханддаг. Энэ тал дээр бид ижил зарчим, үнэ цэнэтэй. Гэхдээ бусад улсыг даргалахын тулд Монгол Улс өөрсдөө эхлээд хүний эрхийн төлөвөө сайжруулах ёстой.

Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, мөнгөн торгуулийг хүчингүй болгох гэх мэт нааштай заалтууд орсон ч монголын сэтгүүл зүй одоо ч бүрэн чөлөөтэй биш. Мэргэжлийн боловсролын түвшнээ ахиулах, нийтлэлийн чанар зэрэг нь сэтгүүлчдийн өөрсдийнх нь асуудал.

Гэвч одоо ч тэднийг эрсдэлд оруулахуйц хуулийн хаалтууд байсаар л байна. Иймд ардчилсан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сэтгүүлчид биелүүлэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлж чадахгүй байна.

Хүний эрхийн талаар ярьж байгаа болохоор гэр бүлийн хүчирхийллийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Үүнийг зогсоох ёстой. Ингэхдээ цагдаа нарт сайн машин, буу авч өгөөд гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй. Цагдаа нар мэдээж улсын төсвөөс дэмжлэг авах ёстой ч энэ нь ямар асуудал вэ гэдгийг ойлгох нь чухал байна. Мөн тэд гэрчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийн эсрэг хариу арга хэмжээ авах хуулийн дагуух эрх мэдэлтэй байх ёстой. Энэ бол Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг.

Нөгөөтэйгүүр Хүний эрхийн зөвлөлийг даргалах нь заримдаа хэцүү сонголт хийхэд хүргэнэ.  Жишээ нь заримдаа хөрш орнуудынхаа болон бизнесийн түнш улсуудынхаа эрх ашигт нийцэхгүй, тэдний хүлээж авахгүй шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ тохиолдолд монгол дипломатчид мэргэжлийн байж, шийдвэр гаргахаасаа өмнө Хүний эрхийн зөвлөлийн бусад гишүүн орнуудтайгаа маш сайн ярилцдаг, гаргасан шийдвэрийг нь бусад улсууд хүлээн зөвшөөрдөг байх ёстой.

Тэгэхээр томоохон хамтрагч улсуудынхаа эсрэг зоригтой дуугарах хэрэгтэй болно. Дипломатуудад томоохон хариуцлага ноогдож байна. Олон улсын тавцанд өрнөх энэ үйл явдлыг олон нийт ч сайн мэддэг байх нь чухал.

ТӨВИЙГ САХИХ ҮЗЛИЙГ СОНГОСНООР ХОЁР ТОМ ХӨРШИЙНХӨӨ ДУНД ХАВЧУУЛАГДАХ ЭРСДЭЛ БИЙ

-Та бид хоёр нэгэнт л олон улсын харилцааны асуудлыг хөндсөн болохоор би танаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан, төвийг сахих санаачлагын талаар асуумаар байна. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. 
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарийн тунгаасны эцэст энэ санаачлагыг гаргасан байх. Гэхдээ энэ талаар бусад мэргэжилтнүүд, олон нийттэй хэлэлцээгүй байна. Ерөнхийлөгч энэ санаачлагаа хэзээ олон нийтэд танилцуулах талаар ч дотроо төлөвлөсөн байх. Энэ санаачлагыг баталгаажуулах хуулийг батлаагүй байна. Мэдээж би Ерөнхийлөгчийн бодож байгааг харж чадахгүй.

“Монгол Улс төвийг сахих бодлоготой. Бид байр сууриа илэрхийлэх боломжгүй” гэж хариулж болно.

Ерөнхийлөгч тогтоолын төслөө ирэх хавар НҮБ-ын Ерөнхий Ассамблэйд танилцуулах болов уу. Үүнээс өмнө Монголд энэ талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, хуулиа баталсан байх ёстой. Гэхдээ энэ нь парламентын гишүүдийн дунд болоод өнгөрөх ёсгүй. Мөн Австри, Швейцарийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн, тэдний туршлагыг сонсох нь үр дүнтэй.

Швейцарь маш хатуу төвийг баримтлах  бодлоготой. Австри төвийг сахих бодлоготой ч ЕХ-ны гишүүн улс учраас арай аядуу, зөөлөн. Тэдгээр улсын дипломатууд төвийг сахих бодлогоо зарлахаас өмнө олон улсын хууль, эрхзүйд нийцүүлэх олон өөрчлөлт хийсэн гэж мэдэгддэг. Учир нь тэдгээр улсууд төвийг сахих болсон ч олон улсын үйл ажиллагааны гадна талд үлдэхийг хүсээгүй хэрэг. Жишээ нь бид төвийг сахина гэж зарласан улс цэргийн зориулалтаар газар нутгаа ашиглах нь ихээхэн бэрхшээлтэй.

Монгол Улс төвийг сахих нь зөв, аргагүй юм гэх хүмүүс ч байна. Гэхдээ энэ шийдвэрийг гаргаснаар та нарт ямар ашигтай вэ гэдгийг ойлгох ёстой. “Монгол Улс төвийг сахих бодлоготой. Бид байр сууриа илэрхийлэх боломжгүй” гэж хариулж болно.

-Тэгвэл бид төвийг сахих нь бидэнд ямар ашигтай вэ?
-Жишээ нь маш хүнд шийдвэр гаргах хэрэгтэй болвол тэр асуудлыг ширээн дээрээсээ арчаад л “Монгол Улс төвийг сахих бодлоготой. Бид байр сууриа илэрхийлэх боломжгүй” гэж хариулж болно.

Энэ нь төвийг сахих үзлийн нэг давуу тал. Гэсэн ч Монгол Улс бусад улс орнуудтай хамтран ажиллах нөхцөл байдал, шаардлага үүснэ. Эсвэл өөр нэг улс эсвэл олон улсын эвсэл Монголыг төвийг сахих үзлээ зарласны дараа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийнхөө гадуур үлдээн, “Одоо та нарыг хүсэхгүй байна” гэх эрсдэл бий. Иймд болгоомжтой хандах ёстой.

Төвийг сахих үзлийг олон улсад зарласнаар ямар эерэг болон сөрөг дагавартай вэ гэж сайтар тунгаах ёстой. Энэ үзэл Азийн орнуудад төдийлөн ашиггүй гэх нь бий. Монгол Улс хоёр том хөрштэйгээ тэнцвэртэй харилцах учиртай. Харин төвийг сахих үзлийг сонгосноор хоёр том гүрний дунд хавчуулагдан үлдэх эрсдэл бий.

Тэгэхээр шийдвэрийг та бүхэн өөрсдөө гаргана. Улстөрчид энэ сэдвийг зөвөөр хэлэлцэн, олон нийтэд мэдээлэхдээ төрийн хүн шиг хандана гэж найдаж байна.

-Цаг гарган, ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургуудыг О.Сүхбат

Мэдээллийн эх сурвалж:
www.gogo.mn

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

„Vždy odpouštějme svým nepřátelům, nic je nedokáže víc rozzuřit.“ Oscar Wilde