Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Гадаадын иргэдийн оршин суух тухай хуулийн шинэтгэсэн төсөл: “хүн болгонд халгаатай”



Хэнийг ч айлгах эсвэл сандаргах гэсэн бус, харин Чех улсад өглөөнөөс орой хүртэл шаргуу хөдөлмөрлөж, амьдарч буй нутаг нэгтнүүддээ сүүлийн үед ихээхэн анхаарал татаж буй Гадаадын иргэдийн оршин суух тухай шинэ хуулийн санаачлагыг тойрсон бодит мэдээллийг цаг алдалгүй мэдэгдэхийг хүсэн миний бие энэхүү нийтлэлийг бичиж байна.

Гадаадын иргэдийн оршин суух тухай шинэ хуулийн санаачлагыг 2013.5.9-ний өдөр БНЧУ-ын Дотоод явдлын яамнаас нийтэд ил тод болгосон. Одоо хэрэгжиж буй хуультай харьцуулан үзвэл энэхүү хуулийн санаачлага БНЧУ-д оршин суух зөвшөөрлийн нэр томъёо, төрөл зүйлүүдэд эрс өөрчлөлтүүдийг хийсэн төдийгүй, тэдгээрт үлэмж их шаардлагуудыг тавин нэлээдгүй чангатгасан байх юм.
Үүнд, БНЧУ-аас гадны иргэдийн оршин суух асуудалтай холбогдуулан явуулж буй бодлого хэт нэг талыг баримталсан, ЕХ-ны дүрэм журамтай харшилдсан, хүний тэгш эрхийн асуудлыг зөрчсөн гэж үзэж болохуйц нэлээд ноцтой заалтууд байгаа бөгөөд уг хуулийн санаачлагын эсрэг БНЧУ-д гадаадын иргэдэд нийгмийн болон хуулийн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг төрийн бус байгууллагуудын консорциумаас Гадаадын иргэдийн оршин суух тухай шинэ хуулийг эсэргүүцэж, хуулийн санаачлагыг дахин хэлэлцэхийг хүссэн тухай өргөх бичгийг Засгийн газарт гаргаад байна.

Дотоод явдлын яамны зүгээс 2014 оноос өмнө амжин хэрэгжүүлэхийг хүсч буй цогц хуулийн зарим нэг хэсгээс баттай эх сурвалжид мэдээлсний дагуу шууд орчуулан бичлээ.

ЕХ-ноос бусад улс орны иргэдэд хамаарах өөрчлөлтүүд: оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзах, зөвшөөрлийг цуцлах 1001 шалтгаан

Визнээс оршин суух зөвшөөрөлд шилжих боломжгүй

Санал болгож буй хуулийн төсөл хэд хэдэн эрс өөрчлөлтийг багтаасан байна. Жишээлбэл, “үндэсний виз” хэмээх шинэ ойлголт. Шинэ төрлийн энэхүү виз нь одоо хэрэгжиж буй хуулиас ялгаатай нь удаан хугацааны виз /төрөл Д/-ээс оршин суух зөвшөөрөл хүсэх боломжийг үгүй болгож байгаа юм. Виз нь БНЧУ-д түр хугацаагаар /1 жил хүртэлх/ оршин суух тохиолдолд олгогдох бөгөөд дараа нь орхин явахад зориулагдсан байна. Өөрөөр хэлбэл, БНЧУ-д үлдэхгүй гэдгээ урьдаас мэдэж байгаа хүмүүст виз олгогдоно. Виз гаргалтын процесс хэдийгээр бүх төрлийн шаардлагатай материалуудыг бүрдүүлсэн ч ямар нэгэн байдлаар хялбаршиж түргэн шуурхай болохгүй.

Урт хугацааны оршин суух зөвшөөрөлд хязгаарлалт хийх нь

Хуулийн төслийн дагуу, БНЧУ-д бизнес эрхлэх эсвэл ажиллахаар зэхэж буй этгээд шууд урт хугацааны оршин суух зөвшөөрлийг хүсэх боломжтой. Бүх төрлийн ангиллалын этгээдүүд, мөн оюутан эсвэл гэр бүлийн гишүүдийн орлогын эх үүсвэрт тавигдах шаардлага өндөрсөнө. Нэн ялангуяа бизнес эрхлэгчид болон ажил эрхлэгчид тавигдах шаардлага нэлээн чангарна гэдгийг тооцоолох хэрэгтэй. Бизнес эрхлэгчид болон ажил эрхлэгчдэд “карт” олгогдоно. Өндөр мэргэжлийн ажил эрхлэгчдэд үргэлжлүүлэн цэнхэр карт олгогдох боловч энэ төрлийн карт өнөөг хүртэл туйлийн бага хэмжээгээр олгогдсон байгаа юм. Бүх төрлийн, мөн бага мэргэшлийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн үед ажил олгогчийн зүгээс шаардсан эсэхээс үл хамааран мэргэжил боловсрол, ур чадварыг нотлох бичиг баримт нэхэмжилнэ.

Гадны иргэдийн хувьд бизнес эрхлэлт нэлээд хязгаарлагдана. БНЧУ-д зөвхөн баталгаатай, найдвартай хэрэгжиж болохуйц бизнесийн чиглэлүүдэд ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийж буй этгээд, аж ахуй бизнес эрхлэх боломжтой. Худалдааны байгууллага /корпораци/-н хувьд тухайн байгууллагын үйл ажиллагаанд гадаадын иргэн үнэхээр үүрэг ач холбогдолтой оролцож буй эсэхийг яам харгалзан үзэн шийдвэрлэнэ. Эдгээрээс гадна бизнес эрхлэгч чех хэлний мэдлэгээ нотлох шаардлагатай. Үүнээс үзэхэд гуравдагч орны иргэдийн бизнес эрхлэлтийг өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн аж ахуй, бизнес эрхлэх тухай ерөнхий нөхцөлүүдээс тусгаарлаж байгаа юм.

Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзах, цуцлах

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулинд оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзах /сунгахгүй байх/, цуцлах 20 орчим шалтгаантай байдаг бол шинэ хууль нь 60 орчим ийм шалтгаантай. Үүнийг харьцуулан үзэхэд оршин суух эрх олж авах боломж, түүнийг дагаж мөрдөхөд ямар байх нь тодорхой. Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гэр бүлийн хувьд хүүхдийн нэмэлт мөнгөн олговор /žádost o přídavek na dítě/ хүссэн тохиолдол нь оршин суух эрхийг цуцлах шалтгаан болно. Гадны иргэнд татвар эсвэл даатгалын ямар нэгэн өр үүсэх нь мөн оршин суух эрхийг /trvalý pobyt – байнгын оршин суух эрхэд бас хамаарна/ цуцлах шалтгаан болно.

Эдгээрээс гадна, гадны иргэн өөрөөс үл хамаарах шалтгаанаар оршин суух эрхээ цуцлуулах шалтгаан ч /тухайлбал, ажил олгогч даатгал эсвэл татварын ямар нэг өртэй байх/ бий.

Trvalý pobyt – байнгын оршин суух зөвшөөрөл баталгаа мөн үү?

БНЧУ-д ойролцоогоор 220 000 иргэн ийм зөвшөөрөлтэй бөгөөд ихэнх нь Украйн, Виетнам, Орос гэх мэт гуравдагч орны иргэд байдаг байна. Эзэмшигчдээ хөдөлмөрийн зах зээл, бизнес эрхлэлт төдийгүй бүх төрлийн нийгмийн хөнгөлөлт, мөнгөн олговорт хамрагдах боломжийг /мөн барилгын хуримтлал/ нээж өгдөг. Бас Шенгений орнууд руу аялах эрх төдийгүй, ЕХ-ны бусад орнууд руу шилжин нүүх боломжийг олгодог.

Гадны иргэн амжиргааны доод түвшнээс дээгүүр орлоготой бол гэр бүлээ авчрах боломж бий. Байнгын оршин суух зөвшөөрөл нь зөвхөн маш ноцтой зөрчил эсвэл ЕХ-ны улсуудаас өөр улсад нэгээс дээш жилээр оршин суусан тохиолдолд хүчингүй болдог. Байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадны иргэд БНЧУ-д ямар ч албан хаагч, цагдаа нараас айж эмээх шаардлагагүйгээр чех улсын иргэд шиг чөлөөтэй амьдарч болно.

Гадаадын иргэдийн оршин суух тухай шинэ хууль – байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадны иргэдийн /аль хэдийн олгогдсон иргэдэд ч хамаатай/ эзлэх байр суурийг бууруулна. Үүнд:

- Гадны иргэн ямар нэгэн өр төлбөр, торгуультай байвал албан ажилтан байнгын оршин суух зөвшөөрлийг цуцлах эрхтэй /ЕХ-ны дүрэм журамтай харш/. Дотоод явдлын яам санхүүгийн байгууллага болон БНЧУ-ын нийгэм хамгааллын газрын мэдээллийн баазад онлайнаар – шууд нэвтрэх эрхтэй байна.

- БНЧУ-д гэр бүлээ авчран хамт амьдрах боломж зөвхөн чинээлэг гадаадын иргэдэд боломжтой болохнээ. Гэр бүлийн нэг гишүүнд 15.400 Kč, гэр бүлийн хоёр гишүүнд 22.000 Kč, гэр бүлийн гурав ба түүнээс дээш гишүүнд 28.600 Kč-ы цэвэр орлогын /ямар ч нийгмийн халамжийн мөнгөн олговоргүй/ баталгаа үзүүлэх шаардлагатай. Тэгэхээр ихэнх гадаад иргэдийн хувьд гэр бүлийн амьдралыг иргэншил авсны дараа нээгдэнэ.

- гадаад иргэн бүрт /15 наснаас дээш насны/ оршин суух зөвшөөрөл олгох нь тагнах үйлчилгээнээс шууд хамаарна. Хэрэв эдгээрийн тусламжтайгаар тухайн гадны иргэний дагуулах аюулын тухай нууц мэдээлэл байгаа нь тогтоогдвол, уг гадны иргэн ба түүний гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн шалтгаан дурдалгүйгээр зөвшөөрлийг олгохгүй. Ингэснээр гадны иргэн хэрэгтэй танилцах, шийдвэрийн эсрэг шүүхэд хандах боломжгүй.

ЕХ-ны бусад улсаас шилжин суурьшигчдад хамаарах хөдөлмөрийн зах зээл дээрх хяналт

Гадны иргэд хөдөлмөрийн зах зээлээс үе шаттайгаар шахагдан, 2009-2011 оны хооронд ажлын зөвшөөрөлтэй ажилладаг гадны иргэдийн тоо 130 000-с 30 000-д хүрч буурсан. ЕХ-ны бусад улсын иргэд богино хугацаанд үргэлжлэх цагийн ажил хийхэд зайлшгүй ажлын зөвшөөрөлтэй байх шаардлагатай.Ажлын зөвшөөрлийг олгохдоо гадны иргэний боловсролын гэрчилгээг /ажил олгогч шаардахгүй байсан ч/ үндэслэн тухайлбал, 6 сараар олгох бөгөөд энэ нь гадны иргэн бүх процессийг дахин давтахад хүргэж байгаа юм. Ийм төвөгтэй процессын үеэр гадны иргэн, түүний ажил олгогч алдаа гаргавал, ажил олгогчид хамгийн багадаа 250 000 Kč-ы торгууль ноогдуулах, мөн гадны иргэнийг албадан гаргаж, 5 хүртэлх жилээр хилээр орж ирэхийг хориглоно. Үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ хэмээн ярьж байсан ногоон карт гэх зүйл системийг улам түвэгтэй болгосноос гадна бараг ашиглагдаагүй юм.

Хэдийгээр гадаад иргэд Чехийн зах зээлд шаардлагатай боловч Гадаадын иргэдийн тухай шинэ хууль гадны иргэдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжид дахин хязгаарлалт тогтоож байна.

- Одоо үед зөвхөн нэг үе шаттай /хөдөлмөрийн товчооноос олгох ажлын зөвшөөрөл/ шүүлтүүр 3 шаттай болно:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сул ажлын байрны Төвлөрсөн бүртгэлийн сангаас ажлын байрыг хасах эрхтэй. /Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 37-р зүйл/

2. хөдөлмөрийн товчооны хэтийн бодлого / 40-р зүйлийн 2, үсэг с. Гадаадын иргэдийн оршин суух тухай шинэ хууль /

3. нийт квот /мөн хуулийн 403-р зүйлийн 3/

Эдгээр 3 үе шат нь зэрэг үйлчлэх юм.

- Ажлын байрны сул орон тооны эзлэгдэх хугацааг 30 хоногоос 45 хоног болгох

- Гадны иргэдэд ажлын зөвшөөрөлтэй газраас өөр тийш ажлын зорилгоор явахыг хориглох

- Ажил олгогчид аливаа мэдээллийг хөдөлмөрийн товчоонд мэдүүлэх үүрэгтэйгээс гадна дотоод явдлын яаманд мэдэгдэх ёстой болох ба эсрэг тохиолдолд 50 000 Kč хүртэлх торгууль ноогдоно /Гадаадын иргэдийн оршин суух тухай шинэ хуулийн 231 ба 241-р зүйлийн 7/.

Бага бизнес эрхлэгчдэд нэвтрэх виз олгохгүй болно. Оршин суух зөвшөөрлийг зөвхөн ихээхэн хэмжээний мөнгөн эргэлт бүхий хөрөнгө оруулагчдад болон БНЧУ-д байгаа, бизнес эрхэлж эхлэх хүсэлтэй иргэдэд олгох болно / Гэвч бизнес эрхлэхийн хажуугаар ажил эрхлэх нь хуулиар хориотой/.




Эх сурвалж:

www.MigraceOnline.cz






З.Цэнгэлмаа

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>